
30 жилийн өмнө бид Интернетийн эхний утсыг татсан бол өнөөдөр дижитал орон зайд шинэ эдийн засгийн утсыг татаж байна.
Датаком компанийн Монголын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөөг өнөөдрийн өнцгөөс хэрхэн үнэлэх вэ?
2026 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой тохионо. 1990-ээд онд бидний хийсэн гол ажил бол Монгол Улсад анхны интернэтийн хаалгыг нээх байсан. Холболт гэдэг ойлголт тухайн үед өөрөө хувьсгалын шинжтэй байлаа. Харин өнөөдөр интернэт бол “үйлчилгээ” гэхээс илүү, амьдралын энгийн дэд бүтэц болсон. “Датаком” ХХК-ийн үндсэн үүрэг ч дагаад өөрчлөгдсөн. Өнөөдөр бидний суурь ажил бол нэгдүгээрт, Монголын бизнесүүдийг дижитал орчинд зөв байршуулах, хоёрдугаарт, тэдний хэрэглэгчтэйгээ харилцах цахим орон зайг нь аюулгүй, найдвартай байлгах, гуравдугаарт, технологийн хувьд урт хугацаанд өргөтгөх боломжтой архитектур дээр бэхжүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, бид холболт хийдэг компани биш, бизнесүүдийг дижитал эдийн засагт жинхэнэ утгаар нь “оролцогч” болгож өгдөг технологийн оператор болж өөрчлөгдсөн гэсэн үг. Интернет нэвтрүүлж эхэлсэн бидний анхны зорилго “монголчуудыг холбох” байсан. Харин өнөөдөр бол “бизнесийн хөгжилд технологиор боломж нээх” зорилго руу бүрэн шилжээд байна.
Өнөөдөр “Дижитал шилжилт” гэдэг үгийг байнга давтсаар байгаад ач холбогдол нь буурч байх шиг. Хэрэв сэтгэлгээ талаас нь авч үзвэл бизнесийн хувьд дижитал шилжилт гэж юу вэ?
Бизнесийн хувьд аливаа удирдагч хүн заавал өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон жижиг ч хамаагүй технологийн болон цахим шийдлүүдийг судалж нэвтрүүлж байж зах зээлийн өрсөлдөөнд алхам урагшлах, бизнесээ өргөжүүлэх, хялбаршуулах зайлшгүй хэрэгцээ болсон байна. Бизнесийн үйл ажиллагаандаа цахим шилжилт хийх нь моод биш юм. Энэ бол хэрэгцээ шаардлага нэгэнт болчихсон учраас байгууллага бараа бүтээгдэхүүнийхээ өртөг зардал, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацаа, зардлаа бууруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх хамгийн чухал шийдэл юм. Нөгөө талаас, дижитал шилжилт бол нэг технологийг нөгөөгөөр солих тухай биш. Харин цаг үеийн технологийн өөрчлөлтөөс өмнө сэтгэх сэтгэлгээний асуудал юм. Тиймээс Датаком стратегиа шинэчлэхдээ нэгэн зарчим баримталсан нь бид нэг үйлчилгээг томруулах бус, харин үйлчилгээ экосистемийн хувьд холбогдон хөгжих загварыг сонгосон. Домэйн, бизнес имэйл, вэб хостинг, сервер, аюулгүй байдал гэх мэт. Энэ бүгд нийлээд “нэг орчин” болдог. Хоёрдугаарт, бид хэрэглэгчдээ бүтээгдэхүүнд дасан зохиц гэж шаардах бус, харин бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн өдөр тутмын дадал, хэрэгцээнд нийцүүлэхийг зорьдог болсон. Тиймээс хэрэглэгч системд суралцах биш, систем хэрэглэгчийг дагаж “сурах” ёстой. AI-н интеграцын гол утга учир нь ч энэ. Түүнээс гадна, зөвхөн бизнест биш, хувь хүнд чиглэсэн хувийн болон төрийн үйлчилгээнүүд бүгд цахим хэлбэрт шилжиж бүрэн дуусаагүй, шинэ техник технологийн боломжууд нэмэгдэхийн хэрээр бидний өдөр тутмын амьдралын дадал зуршлуудыг илүү хялбаршуулсан технологийн шийдлүүд үргэлж шинээр нэмэгдэж байгаа тул “дижитал шилжилт”-н ач холбогдол нь буурах биш, харин эсрэгээрээ улам нэмэгдэж байгааг бид өдөр тутамдаа анзаарах завгүй болсон санагддаг.
Тэгвэл монгол компаниуд мэдээллийн технологийг яаж ашиглавал дотооддоо болон олон улсад өрсөлдөх чадвартай болно гэж хардаг вэ?
Орчин үед аль ч бизнес үйл ажиллагаагаа явуулахад, заавал цахим орчинд өөрийн виртуал бизнесийн орчноо үүсгэж, цахим орчинд сонирхлын бүлэгт зориулсан хэрэглэгчдээ бүрдүүлэн, тэдэнд зориулсан тусгайлсан хялбар, ойлгомжтой, цахим үйлчилгээ явуулах зайлшгүй хэрэгцээ нэгэнт бий болсон гэсэн үг юм. Зарим бизнес, менежерүүд, хэрэглэгчид зөвхөн сошиал сувгаар маркетинг хийх дээр хэт төвлөрдөг бол үнэндээ өөрсдийн веб цахим хуудсаа шинэчлээд тэндээ хэрэглэгчдийн захиалга авдаг төлбөр тооцоогоо авдаг шийдлүүд нэвтрүүлэх бүрэн боломжоо харахгүй байх шиг санагддаг. Манай бизнесүүд технологийг гурван түвшинд ойлгоод байна гэж би хардаг. Маркетингийн түвшний дижиталчлал буюу сошиал орчинд идэвхтэй байх нь дижитал шилжилт гэхээс илүү зөвхөн оролцооны сувгийн тухай яриа юм. Үйлчилгээний түвшний дижиталчлал нь веб, онлайн захиалга, төлбөр, хэрэглэгчийн дэмжлэг гэх мэт бизнесийг функцийг хамардаг бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлдэг компани тийм олон биш. Эцэст нь үйл ажиллагаа, өгөгдлийн түвшинд авч үзвэл автоматжуулалт, системчлэл, өгөгдлийн интеграц, AI ашиглалтын хувьд манай компаниуд одоо л ойлгож эхэлж байна. Олон бизнес өсөлтийн бэрхшээлээ хүний нөөц, маркетинг, капиталын асуудал гэж хардаг. Гэвч миний харж буйгаар бодит байдал дээр өсөлтийг “боодог” үндсэн зүйл бол ажлын процессын технологи нь логикийн хувьд буруу байх нь олонтоо. Тухайлбал, захиалгын урсгал, агуулахын менежмент, хэрэглэгчийн мэдээллийн сан, төлбөрийн урсгал зэрэг нь өгөгдлийн хувьд холбогдоогүй байгаа нөхцөлд бизнес өсөхгүй. Иймээс “Датаком” ХХК-ийн өнөөдрийн нэн тэргүүний зорилт бол бизнесүүдийг “дижитал архитектур”-тай болгох. Архитектургүй компанид ямар ч автоматжуулалт үр дүнгүй.
Танай компанийн хамгийн эрэлттэй үйлчилгээ өнөөдөр юу байна? Яагаад?
Өнөөгийн байдлаар хамгийн эрэлттэй үйлчилгээ нь бизнес имэйл үйлчилгээ байна. Монголын бизнесийн байгууллагууд ихэнх нь манай үйлчилгээнүүдээс сонгож ашигладаг. Өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохируулаад бизнес имэйл, Google, Microsoft зэрэг байгууллагад зориулагдсан иж бүрэн шийдлүүдээс сонгон ашигладаг юм. Бизнесийн харилцаанд хамгийн гол нь найдвартай, үнэ өртөг боломжийн цахим шуудан, цахим хаяг, вэб хуудас зэрэг зайлшгүй хэрэгцээт үйлчилгээг бид Монголын зах зээлд хамгийн боломжийн бага зардлаар санал болгож байгаа нь ялангуяа жижиг дунд бизнесийн байгууллагуудад тусгайлсан сервер техник тоног төхөөрөмж мөн хүн хүч шаардлагагүйгээр дэлхийн бусад аль ч бизнесийн харилцаагаа явуулахад бид итгэлтэй түнш нь болж байна гэж ойлгож байгаа. Сүүлд бид үйлчилгээндээ ялангуяа домэйн нэрийн бүртгэл үйлчилгээндээ хиймэл оюун ухааны шийдэл ашиглаж хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой үйлчилгээг санал болгож эхэлсэн. Мөн үүний дараагаар өөрийн үйлчилгээний гар утасны аппликэйшн нэвтрүүллээ. Хиймэл оюун ухаан ашигласан шийдэл нь шинэ хэрэглэгч нарт илүү ойлгомжтой хялбар зөв үйлчилгээ авахад нь тусалдаг бол гар утасны аппликэйшн нь бүх хэрэглэгч нартаа дэлхийн хаана ч явж байсан өөрийн үйлчилгээнүүдээ бүртгэл, сунгалт, төлбөр тооцоог хялбаршуулж байна.
“Датаком” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар өөрийн алсын харааг хэрхэн томьёолох вэ?
Би 10 жилийн ахлах ангидаа буюу 1988 оноос компьютер маш ихээр шимтэн сонирхдог ихэнх цагаа компьютер дээр өнгөрөөдөг хүүхэд байсан. Их сургуулиа төгсөөд 1999 онд сониноос ажлын зар хараад, “Датаком” ХХК -д ярилцлагад орж тэнцээд инженерээр ажилд орж системийн инженер, администратор, ахлах инженер гэж явсаар 2008 онд Гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон. Өнөөдөр гүйцэтгэх захирлын хувьд би өөрийгөө технологийн инженер хэвээр гэж боддог. Өөрөөр хэлбэл, зорилгоо томсгосон инженер гэсэн үг. Миний ажил бол багийнхаа хийж буй ажлыг Монголын бизнесийн өрсөлдөх чадварт жинхэнэ утгаар нь хөрвүүлэх юм. Дүгнээд хэлбэл, бид Монголд интернэтийн эхний утсыг татсан. Харин одоо өгөгдөл, автоматжуулалт, хиймэл оюун дээр суурилсан шинэ эдийн засгийн утсыг татах цаг ирсэн. Энэ бол зөвхөн “Датаком” ХХК-ийн ажил биш, бүх бизнесийн хамтын үйл хэрэг байх болов уу.
“Датаком” ХХК-ийн өнөөдрийн нэн тэргүүний зорилт бол бизнесүүдийг “дижитал архитектур”-тай болгох.