Т.Батболд: МОНГОЛЫН ИНТЕРНЭТ дэд бүтэц бүс нутагтаа өрсөлдөхүйц түвшинд хүрсэн

Т.Батболд: МОНГОЛЫН ИНТЕРНЭТ дэд бүтэц бүс нутагтаа өрсөлдөхүйц түвшинд хүрсэн

Датаком ХХК
2026 оны 1-р сарын 13

2025 оны хагас жилийн статистикаас үзэхэд нийт үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 4,961,221, үүний 85.1 орчим хувь (4,226,009) нь интернэт хэрэглэж байна. 

Монгол Улсад интернэт нэвтэрсэн 30 жилийн түүхийг салбарын зохицуулагчийн байр сууринаас хэрхэн дүгнэх вэ?

Монгол Улсад интернэт нэвтэрсэн түүх бол зөвхөн технологийн дэвшлийн түүх биш, харин бодлого, зохицуулалт, төр-хувийн хэвшил, олон улсын хамтын ажиллагааны огтлолцол дээр бий болсон хөгжлийн түүх юм. 1994 онд анхны и-мэйл дамжуулах туршилт хийгдэж, 1996 оны 1 дүгээр сарын 17-нд Монгол Улс олон улсын интернэтийн байнгын гарцтай болсон нь дижитал хөгжлийн суурийг тавьсан түүхэн үйл явдал байлаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд интернэтийн хөгжил технологийн ахицтай зэрэгцэн эрх зүйн болон зохицуулалтын орчин тасралтгүй боловсронгуй болж ирсэн. 2001 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хууль нь салбарын суурь эрх зүйн орчныг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн тогтолцоо, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсийг тодорхойлсон. Дараагийн шинэчлэлүүдээр өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг хангах, зах зээлийн тэнцвэрийг хадгалах бодлого шат дараатай хэрэгжсэн нь салбарын тогтвортой хөгжлийн үндэс болсон. Харилцаа холбооны тухай хуулиар байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний стандарт тогтоох, үнэ тарифын бодлого хэрэгжүүлэх, сүлжээний аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Стратегийн түвшинд “Цахим үндэстэн” зорилтын хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн дижитал ялгааг багасгах, 5G, IPv6, хиймэл дагуул зэрэг шинэ технологийн зохицуулалтыг боловсронгуй болгох бодлого хэрэгжиж байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаар дамжуулан хөдөө орон нутгийн шилэн кабелийн холболтыг дэмжих, үндэсний хиймэл дагуулын төсөл, нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх шийдлийг нэвтрүүлсэн зэрэг ажлууд эхэлсэн нь бодлогын бодит үр дүн юм. Эхний жилүүдэд хэдхэн зуун хэрэглэгчтэй байсан Монголын интернэт өнөөдөр 2 сая гаруй хэрэглэгчтэй, өргөн зурвас, шилэн кабель, мобайл дэд бүтэц бүхий салбар болон хөгжжээ. 2025 оны хагас жилийн статистикаас үзэхэд нийт үүрэн холбооны хэрэглэгчийн Г.Даваадорж 14 тоо 4,961,221, үүний 85.1 орчим хувь (4,226,009) нь интернэт хэрэглэж байна. Хөдөлгөөнт өргөн зурвасын нэг хэрэглэгчийн сарын дата хэрэглээ дунджаар 15.94 Гбайт (GB) хүрсэн байна. Суурин интернэт хэрэглэгчийн тоо 565,316 хүрсэн бөгөөд эдгээр хэрэглэгчийн 96.81% нь шилэн кабелиар интернэт авч байна. Суурин интернэт хэрэглэгчийн 94.9% нь 10Мбит/сек-ээс дээш хурдаар, 60 орчим хувь нь 30Мбит/сек дээш хурдаар интернэтийн үйлчилгээг авч байна. Энэ өсөлт нь либерал зохицуулалт, өрсөлдөөнийг дэмжсэн орчин, хувийн хэвшлийн идэвхтэй хөрөнгө оруулалтын үр дүн юм.

MN домэйн нэрийн бодлого “Дижитал Монгол”- ыг бүрдүүлэхэд ямар өгөөж өгсөн бэ?

Монгол Улсын дижитал шилжилтийн суурь дэд бүтцийн нэг нь үндэсний домэйн нэрийн систем буюу .MN домэйн юм. Домэйн нэр нь байгууллага, үйлчилгээ, иргэнийг интернэт орчинд найдвартай таньж, холбох үндсэн “цахим хаяг” бөгөөд дижитал оршихуйн тулгуур болдог. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.14-т заасны дагуу “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж ирсэн. Тус журмын хүрээнд Датаком ХХК нь ICANN-тай хамтран MN домэйний техникийн менежмент, бүртгэлийн үйлчилгээг хариуцаж байгаа нь Монголын домэйнийг олон улсын стандарттай нийцсэн, найдвартай систем болгож чадсан. Энэхүү журам нь гурван үндсэн үр өгөөжийг бий болгосон. Нэгдүгээрт, домэйн нэрийн бүртгэл, маргаан шийдвэрлэх ил тод, эрх зүйн баталгаатай орчин бүрдсэн. Хоёрдугаарт, DNSSEC зэрэг аюулгүй байдлын шийдэл, хууль бус домэйнийг хязгаарлах зохицуулалт нэвтэрснээр кибер эрсдэл буурч, хэрэглэгчийн итгэл нэмэгдэж, аюулгүй орчныг бүрдүүлсэн. Гуравдугаарт, MN домэйн нь үндэсний брэнд, дотоодын контент, дижитал бизнесийг дэмжих бодит хэрэгсэл болсон. Төрийн байгууллагын GOV.MN, боловсролын байгууллагын EDU.MN дэд домэйнууд нь албан ёсны, нэгдсэн цахим таних тэмдэг болж, төрийн үйлчилгээ, боловсролын мэдээллийн найдвартай байдлыг хангаж байна. Харин хувийн хэвшлийн хувьд MN домэйн нь үндэсний онцлогтой, танигдахуйц цахим оршихуйг бүрдүүлж, стартап, онлайн худалдаа, IT үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. 2025 оны хагас жилийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 30020 домэйн нэр ашиглагдаж байгаагаас MN домэйн 21024, МОН домэйн 103, дэд домэйн нэр болох (*.gov.mn, .edu.mn, .org. mn) 6362, бусад (.com, .net) 2531 ажиллаж байна. MN домэйн нэрийн хэрэглээг салбар чиглэлээр авч үзвэл хувийн хэвшил, цахим үйлчилгээ, мэдээ мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч нар түлхүү хэрэглэж байна.

Монголын интернэт дэд бүтэц, өрсөлдөөний орчин, үйлчилгээний хүртээмж өнөөдөр ямар түвшинд байна вэ?

Өнөөдрийн байдлаар Монголын интернэт дэд бүтэц нь ОХУ, БНХАУ-тай холбогдсон шилэн кабель, Евро-Ази тэнхлэгийн хамгийн богино замчлал, хиймэл дагуулын холболт бүхий олон тулгуурт архитектуртай болж, олон улсын нөөцлөл бүхий дэд бүтцээр хангагдсан. Хот суурин газарт FTTH/IPTV багц үйлчилгээ өрсөлдөөнтэй хөгжиж, сүлжээний үйлчилгээ эрхлэгч нар 5G үйлчилгээнд зориулж үндсэн болон түгээх сүлжээний дамжуулалтын багтаамжийн чадавхыг 100G хүргэхээр ажиллаж байна. Мобайл талд 4G сүлжээний нэвтрэлт 86 хувьтай, 5G технологийн үйлчилгээ Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд нэвтэрч эхлээд байна. Хөдөө орон нутагт бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаар дамжуулан багуудын хэмжээнд шилэн кабелийн сүлжээ байгуулах, үүрэн холбооны үйлчилгээ хүргэсээр байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар интернэтийн гадаад урсгалын багтаамж 780 Гбит/ сек хүрч, өмнөх оноос 27 хувиар өссөн нь хэрэглээ, эрэлтийн өсөлтийг илтгэнэ. Мөн 2025 оны эхний хагас жилийн байдлаар шилэн кабелийн сүлжээ 59,030 км-т хүрч, төр-хувийн хэвшлийн түншлэл амжилттай хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч хот, хөдөөгийн хоорондын хурд, үнэ, үйлчилгээний чанарын ялгаа бүрэн арилаагүй хэвээр байна. IPv6-ийн нэвтрэлт 40 орчим хувьтай байгаа нь эерэг дохио боловч цаашид илүү идэвхтэй бодлого шаардлагатай. Дүгнэж хэлбэл, Монголын интернэт дэд бүтэц бүс нутгийн дундажтай харьцуулахад өрсөлдөхүйц түвшинд хүрсэн ч жигд хүртээмжийг хангах, QoS стандартын хэрэгжилт, өрсөлдөөний гүнзгийрэл зэрэгт илүү зоримог, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлага хэвээр байна.

Хөдөлгөөнт өргөн зурвасын нэг хэрэглэгчийн сарын дата хэрэглээ дунджаар 15.94 Гбайт (GB) хүрсэн байна.