Ц.Анхзаяа: БИЗНЕСҮҮД технологийн ачааллаас салж, өсөлтөд төвлөрөх шинэ шатанд гарч байна

Ц.Анхзаяа: БИЗНЕСҮҮД технологийн ачааллаас салж, өсөлтөд төвлөрөх шинэ шатанд гарч байна

Датаком ХХК
2026 оны 1-р сарын 13

Өрсөлдөөн интернэтийн хурднаас илүү хостинг, клауд, PaaS/SaaS, өгөгдөлд суурилсан үйлчилгээний давхаргад шилжиж байна. Энэ бол Монголын зах зээлийн дараагийн үеийн онцлог бөгөөд Датаком ч яг энэ давхаргад төвлөрөн ажиллаж байна.

Монголын ISP зах зээлийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

Интернэттэй болох анхны боломж dial- up системээр, суурин утасны шугамаар л бий болж байсан үе бий. Тэр үед CityNet, MagicNet зэрэг ISP үйлчилгээ үзүүлэгч бий болж, өрх бүр рүү кабель татдаг байлаа. Харин дараагийн шатанд гурвалсан үйлчилгээ (интернэт, IPTV, суурин утас)-г нэвтрүүлснээр зах зээлийн дэд бүтэц бүрэн суурилсан гэж хэлж болно. Юнивишн тэргүүтэй операторууд орц, хотхон бүрт бэлэн дэд бүтэцтэй болж, үйлчилгээний стандарт шинэ шатанд гарсан. Интернэтийн хүртээмж нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд зөвхөн холболт бус дижитал оршихуйгаа бүрдүүлэх бодит хэрэгцээний эрэлт нэмэгдсэн. Үүнд домэйн нэр, имэйл, вэб сайт, сервер, өгөгдлийн нөөцлөлт зэрэг цогц хэрэгцээ багтдаг. Энэ өөрчлөлт өнөөгийн телеком, дата төв, клауд үйлчилгээ давамгайлах загварыг бий болгосон.

Датаком компани өнөөдөр технологийн үйлчилгээний хувьд ямар стратегитай ажиллаж байна вэ?

Датаком ХХК бол Монголын .MN домэйн нэрийн үндсэн бүртгэл, DNS дэд бүтцийг хариуцдаг байгууллага. Домэйн нэр бол интернэт дээр суурилсан дээд түвшний зохион байгуулалтын үндсэн давхарга. Энэ утгаараа онлайн оршихуй, брэнд, мэдээллийн найдвартай байдал домэйн нэрээс эхэлдэг.

ISP салбарын өрсөлдөөн төлөвшсөн өнөө үед манай компанийн бизнесийн хүндийн төв ISP биш, харин бизнесийн дижитал оршихуйг бүрдүүлж, үйлчилгээний шинэ шатанд хөтөлдөг экосистемд шилжсэн. Интернэтийн хурд асуудал биш болсон нөхцөлд хэрэглэгчийн үнэ цэнийг серверийн найдвартай ажиллагаа, вебийн хүртээмж, имэйлийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалт зэрэг илүү гүн давхаргын хүчин зүйлс тодорхойлдог болсон. Домэйн бүртгээд веб нийтлэх нь дижитал оршихуй бүрдүүлэхийн эхний алхам хэдий ч бизнесийн өрсөлдөөнт орчинд энэ нь хангалтгүй. Веб нь шинэчлэгдэж, хэрэглэгчийн урсгалтайгаа уялдсан, маркетингийн сүлжээтэй холбогдсон, техникийн тохиргоо бүрэн шийдэгдсэн байх хэрэгтэй. Датакомын зорилго бол энэ бүхнийг нэгтгэсэн managed service загвар хэрэгжүүлэх. Тодруулбал, технологийн ачааллыг хэрэглэгчээс салгаж, бизнесийн өсөлтдөө төвлөрөх боломжийг олгох юм. Энэ нь зөвхөн техникийн үйлчилгээ үзүүлэх гэхээс илүү хэрэглэгчийн дижитал тогтолцоог бүтнээр нь авч явах стратеги юм.

Starlink зэрэг хиймэл дагуулын интернэтийн нөлөөг та хэрхэн харж байна вэ? 

Starlink бол интернэтийн шинэ дэд бүтцийн давхарга. Энэ нь Монгол шиг уудам газар нутагтай улсад хүртээмжийг эрс нэмэгдүүлж байна. Гэхдээ бодит өрсөлдөөн интернэтийн хурднаас илүү хостинг, клауд, PaaS/SaaS, өгөгдөлд суурилсан үйлчилгээний давхаргад шилжиж байна. Энэ бол Монголын зах зээлийн дараагийн үеийн онцлог бөгөөд Датаком ч яг энэ давхаргад төвлөрөн ажиллаж байна. PaaS/SaaS үйлчилгээний зах зээл Монголд тодорхой хэмжээнд төлөвшиж эхэлсэн. Ялангуяа жижиг, дунд бизнесүүдийн хувьд дэд бүтэц босгох, хөгжүүлэгч баг ажиллуулах боломж хязгаарлагдмал. Иймээс бэлэн платформд суурилсан үйлчилгээ бодит хэрэгцээ болж байна. Бидний хөгжүүлж буй Shop.mn платформ бол үүний тод жишээ. Бизнес эрхлэгч технологид бус, борлуулалтдаа төвлөрнө. Харин Датаком платформын хөгжүүлэлт, ачааллын удирдлага, шинэчлэл, аюулгүй байдлын хариуцлагыг бүрэн үүрнэ.

Клауд, автоматжуулалт, AI системүүдийн нэвтрэлт бизнесийн ажиллагаанд ямар бодит өөрчлөлт авчирч байна вэ? 

Гадаадын клауд платформуудын өртөг нэмэгдэж буй нь дотоод VPS, private cloud руу шилжих хандлагыг эрчимжүүлж байна. Энэ нь байгууллагуудад өгөгдөл, аюулгүй байдлаа илүү хянах боломж олгож байгаа стратегийн чухал өөрчлөлт юм. AI-ийн хувьд өнгөц харвал маркетинг, чатбот, хэрэглэгчийн үйлчилгээний салбарт нэвтэрч эхэлсэн мэт боловч энэ бол ил харагдаж буй хэсэг л юм. Үнэндээ AI нь санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн үнэлгээ, хэрэглэгчийн зан төлөвийн оновчлол, дотоод процесст автомажуулалт хийх гол хэрэгсэл болж байна. Датаком ч өөрийн үйлчилгээнд AI нэвтрүүлж эхэлсэн. Домэйн нэрийн санаа санал болгодог AI систем, хэрэглэгчийн асуулт-хариултыг мэдлэгийн сан дээр суурилан автоматаар шийдэх шийдэл гэх мэт. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн туршлага сайжруулах бус, үйлчилгээний масштаб өсгөх боломжийг бий болгодог.

Ойрын таван жилд AI-тэй холбоотой ямар чиглэлүүд голлон тэлэх вэ? 

Нэгдүгээрт, AI consulting буюу байгууллагын дата дээр суурилсан тохируулгатай агент хөгжүүлэх үйлчилгээ эрчимтэй өснө. Байгууллагууд дотоод журмаа, үйлчилгээний заавраа AI-д өгөн сургаж, дотоод мэдээллийн урсгалаа автоматжуулах сонголт улам түгээмэл болно. Хоёрдугаарт, медиа үйлдвэрлэл. Видео контентын зах зээлд AI-гийн нөлөө маш хурдтай мэдрэгдэж байна. Жижиг баг өндөр бүтээмжтэй ажиллах боломж бүрдэж, бүтээлийн өртөг эрс буурна. Гуравдугаарт, voice AI. Монгол хэлний voice-to-text болон text-to-voice технологи боловсронгуй болох үед колл-центрүүдийн бүтцэд суурь өөрчлөлт орно. Хэрэглэгчийн үйлчилгээний ихэнх хэсэг автомат болно. Дөрөвдүгээрт, хэрэглэгчийн зан төлөв дээр суурилсан дата анализын зах зээл. Банк, финтек, телеком компаниудын том дата AI-д бүрэн уншигдах боломжтой болж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн хөтөлбөрүүд илүү нарийсна.