ICANN ба Datacom- ийн хоёр арваны хамтын ажиллагаа Монголын интернетийн аюулгүй байдал, итгэлцлийн шинэ үеийг эхлүүлжээ. Энэ бол дэлхийн стандартуудыг нутагшуулсан урт хугацааны хамтын ажиллагааны бодит үр дүн юм.
ICANN-ийн (Internet Corporation for Assigned Names and Numbers) Ази, Номхон далайн бүсийн Техникийн оролцоо хариуцсан захирал Champika Wijayatunga нь хоёр арваны турш интернетийн дэд бүтцийн хөгжилд өөрийн хувь нэмэр оруулж ирсэн инженер, бодлогын мэргэжилтэн юм. Түүний ажил, ялангуяа Монгол Улстай холбогдох түүх нь зөвхөн техникийн сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаагаар хязгаарлагдаагүй, харин нэг улсын дижитал экосистемийг олон улсын жишигт хүргэх урт хугацааны хамтын аялал болжээ. 2000-аад оны дунд үеэс эхлэн Чампика Монголын технологийн салбарынхантай хамтарч эхэлжээ. Тэр үед Монгол Улсад интернетийн холболт, IP нөөцийн менежмент, DNS-ийн аюулгүй байдал зэрэг чиглэлүүд шинээр хөгжиж эхэлж байв. Энэ үед Датаком компани дотоодын интернетийн дэд бүтцийн хөгжлийг ахиулах тэргүүлэгч байгууллагуудын нэг байсан бөгөөд Чампикагийн анхны хамтрагч болсон юм. APNIC (Asia Pacific Network Information Centre)-д ажиллаж байх хугацаандаа тэр Датаком болон Монголын инженерүүдэд зориулан IPv6 сургалт, интернетийн нөөцийн удирдлага, DNSSEC (Domain Name System Security Extensions)-ийн аюулгүй байдлын талаарх анхан болон дунд шатны олон сургалт, практик семинаруудыг зохион байгуулж байв. Тухайн үеийн тэрхүү сургалтууд нь Монголын сүлжээний мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсын түвшинд ойртуулж, улмаар интернетийн тогтвортой байдлыг хангах үндэс суурь тавьсан гэж Датакомын инженерүүд дурсдаг. ICANN-д орсноосоо хойш Чампика Монголын технологийн амьдралд дахин орж, илүү гүнзгий оролцоотой ажиллах болсон. Түүний удирддаг “Technical Engagement” хөтөлбөр нь бүс нутгийн DNS дэд бүтцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлын стандартуудыг нутагшуулах, орон нутгийн операторуудыг олон улсын сүлжээнд холбох зорилготой. Сүүлийн жилүүдэд тэр Датаком болон MN Registry-гийн хамтран зохион байгуулсан DNSSEC болон KINDNS (Knowledge-sharing and Improving DNS Security) сургалтуудыг санаачилж, 30 гаруй оролцогчийг хамруулсан техникийн чуулганыг Улаанбаатарт амжилттай зохион байгуулжээ. Энэ нь Монголын DNS үйлчилгээ үзүүлэгчид, регистрүүд, холбогдох байгууллагуудыг нэг дор цуглуулж, мэдээлэл хамгааллын шинэ түвшинд хүргэсэн анхны томоохон алхам байв. Энэхүү хамтын ажиллагааны агуулга зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй бөгөөд ICANN болон Датаком цаашид DNS серверийн найдвартай ажиллагаа, нэрийн системийн бодлогын нийцэл, олон улсын холболтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн бүс нутгийн түвшинд Монголыг DNS-ийн чадавхтай орнуудын тоонд багтаах зорилго тавьжээ. Цаашид ICANN болон Datacom-ийн хамтын ажиллагаа Монгол Улсын дижитал дэд бүтцийг дэлхийн түвшинд гаргах стратегийн зорилготой. Энэ хүрээнд гурван гол чиглэл бий: Нэгдүгээрт, DNS аюулгүй байдлын шинэ үе шат. DNSSEC болон KINDNS стандартуудыг бүрэн нутагшуулах замаар домэйн нэрийн системийг илүү найдвартай, халдлагаас хамгаалагдсан болгох ажлыг үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт, бүс нутгийн холболтын интеграц. Монголыг Ази, Номхон далайн бүсийн интернетийн сүлжээний аюулгүй, найдвартай зангилаа болгон хөгжүүлэх зорилго тавьж байна. Үүнд Датакомын олон улсын дата холболтын туршлага чухал үүрэг гүйцэтгэнэ. Гуравдугаарт, бодлогын оролцоог нэмэгдүүлэх. Монголын мэргэжилтнүүдийг ICANN болон APNIC-ийн бодлогын хэлэлцүүлэгт илүү идэвхтэй оролцуулах, орон нутгийн дуу хоолойг дэлхийн интернетийн засаглалын түвшинд хүргэхийг зорьж байна.